Нялх хүүхдийн хөдөлгөөний тухай түгээмэл асуултууд

Намхан ор нялх хүүхдэд аюулгүй юу?

Намхан ортой болох талаар бодож байгаа боловч нялх хүүхдэд маань аюултай байж магадгүй, хүүхэд маань унаад өөрийгөө гэмтээчих болов уу гээд санаа зовоод байна.

Савх модон хашлагатай оронд л нялх хүүхдийг унтуулдаг гэж боддог олон эцэг эхчүүд айж, санаа зовж байгаагаа их илэрхийлдэг. Гэхдээ хүүхэд эхнээсээ буюу төрсөн өдрөөсө эхлэн намхан орон дээр унтаж байгаа бол орон дээрээс унахгүй. Учир нь, нэг талаар хүүхдийн биеэрээ гулсах нь маш удаан хөдөлгөөн. Нөгөө талаар, нялх хүүхэд ингэж гулсах хөдөлгөөн хийж байхдаа биеийн аль нэг хэсгийг ор доороос нь дэмжихгүй байгааг мэдэрсэн даруйдаа орны төв рүү буцаад биеэрээ гулсана. Хүүхэд эхнээсээ намхан орон дээрээ унтаж үзээгүй байсан ч гэсэн оролдоод үзэхийг зөвлөж байна. Эхний үед буюу баримжаа автлаа хүүхэд хоёр, гурван унаж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Ор нэгэнт өндөр биш намхан учраас уналаа гээд гэмтэх аюулгүй төдийгүй хүүхэд орны ирмэг хаана байгаа талаар баримжаатай болж, унахаа болино.

Хүүхэд маань намхан орон дээрээ тогтож унтахгүй гэдэгт санаа зовж байна.

Хүүхдээ намхан орон дээр нь унтуулна гэдэг санаа надад жаахан эргэлзээтэй санагдаад байгаа юм. Томчуудыг унтаж байх хооронд эсвэл байнга харах боломжгүй үед хүүхдийг аюулгүй найдвартай газар байлгах зорилгоор нарийн савхан модтой хүүхдийн орыг бүтээсэн. Гэтэл намхан орон дээр унтсан хүүхэд маань босоод бусад өрөөгөөр явах, магадгүй бүр шатнаас унахгүй гэдэгт би хэр итгэлтэй байж болох вэ?

Энд бид хоёр гол ойлголтыг зайлшгүй бодолцох хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхэд өөрөө унтах чадвартай болоход бид туслах ёстой. Хоёрдугаарт, хүүхэд ор бол унтаж нойрсдог газар гэдгийг ухаардаг болох хэрэгтэй. Хүүхдийн тэрэг гэх мэт дурын газар унтаж сурсан хүүхдэд түүний ор бол түүний унтаж амардаг газар гэдгийг ойлгоход удаан хугацаа шаардагдана. Өөрөө унтана гэдэг нэг төрлийн ур чадвар бөгөөд үүнийг төгс эзэмшихэд дадал зуршил чухал үүрэг гүйцэтгэнэ. Нам тайван өөрийн орноосоо өөр дуртай газраа эсвэл ямар нэгэн хэрэгслийн тусламжтайгаар унтаж заншсан хүүхдэд энэ чухал ур чадварын дадал суух боломж бага гардаг гэсэн үг. Иймд, хүүхдийн ядарсан шинж тэмдэг үзүүлсэн даруйд нь намхан орон дээр хэвтүүлж заншвал өөрийнх нь ор бол тайвшран, унтаж амардаг газар гэдгийг ойлгоход илүү дөхөмтэй болно. Мөн өрөөнд нь тоглоомууд байгаа бол унтаж сэрсэн хүүхэд өөр өрөөгөөр явж, сатаарах зүйл хайх шаардлагагүй. Өрөөнийх хаалгыг хаачихвал хүүхэд өөр өрөөгөөр явах боломж гарахгүй шүү.

Эх баригч ээж нар хүүхдээ өлгийдөхийг зөвлөдөг нь буруу юм уу?

Хүүхдийн хөгжилд хөдөлгөөн ийм чухал юм бол яагаад хүүхдийн эмч, эх баригч нар хүүхдийг өлгийдөхийг зөвлөдөг юм бэ?

Хүүхдийн гар хөлийг нь хөдөлгөөнгүй байлгаж, өлгийдвэл хурдан тайвширч, унтахад нь тустай төдийгүй томчуудад ч унтах боломж гарна гэж бидэнд хэлж ирсэн. Энэ ч үнэн юм. Шинэ ээж нарт амаржсны дараа унтаж амрах маш чухал байдаг. Гэхдээ хүүхдэд унтаж байхдаа ч дөрвөн мөчөө хөдөлгөх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн хүүхдийн нойрны мөчлөг илүү эрүүл болоход их тус болдог. Хүүхэд нойрон дундаа өөрийн цочмог рефлексээс болж сэрсэн ч гэсэн мурилзах зэрэг жижиг хөдөлгөөнүүд хийж, байрлалаа солин эргээд унтаж чаддаг. Өөрөөр хэлбэл, өлгийдүүлэхгүй унтдаг хүүхэд шөнө нойрон дундаа сэрсэн ч гэсэн эргээд унтах чадвар илүү сайн эзэмшдэг гэсэн үг.

Хүүхдээ саатуулахад надад хэцүү байдаг.

Би хүүхдээ бүх л төрлийн тоглоом, эд зүйлсээр саатуулж үздэг. Алийг нь ч бараг сонирхохгүй, тэр бүү хэл гараараа хүрж үзээд ч гэсэн атгаж чадахгүй бүүр цааш нь түлхээд, үүндээ бухимдаад байх юм. Ямар төрлийн тоглоом, эд зүйл санал болгох вэ?

Хүүхэд бухимдаж байгаагийн нэг шалтгаан нь магадгүй таны өгсөн тоглоом, эд зүйл түүний гарт хэтэрхий том эсвэл хэтэрхий хатуу учир атгаж чадахгүй, цааш өнхрөөд байгаа гэсэн үг юм. Эсвэл магадгүй та хүүхдийн сонирхол татсан эд зүйлийг санал болгохгүй байгаа байх. Хүүхдийн сонирхол юунд илүү татагдаж байгаа сайтар ажиглаж, дага. Хурц, ширүүн ирмэггүй гэр ахуйн хэрэгсэл, залгих боломжгүй хангалттай том, эргэлддэг эд зүйл хүүхдийн сонирхлыг илүү сайн татах байх. Хүүхэд эд зүйлсийг атгаж үзээд хэлбэр дүрс, жин, материалын ширхгийг нь мэдэрдэг тул эдгээр шинж тэмдгүүд харилцан адилгүй эд зүйлсийг хүүхдэдээ өгөөрэй. Тухайн эд зүйлээс ямар нэгэн зүйл шинээр сурч байгаа л бол хүүхэд үргэлжлүүлэн тоглоно. Шинэ зүйл сонирхож эхэлсэн даруйдаа хүүхэд хуучин тоглоомоо огт сонирхохоо болдог. Жишээлбэл, хүүхдэд шажигнадаг модон тоглоомны чимээ таалагдаж байгаа жижигхэн саванд элс эсвэл үр буудай хийгээд, үүнээс гарч байгаа чимээ сонирхлыг нь татах эсэхийг ажигла. Хүүхдэд зөөлхөн даавууны өнгө, ширхэг таалагдаж байгаа юм шиг санагдвал хамба хилэн, торго, даавуу, зотон даавуугаар хийсэн, дотроо үр буудайтай жижиг уут өгөөд үз. Хүүхэд атгахад зориулан гарных нь хэмжээнд тохирсон төдийгүй хөнгөн жинтэй хийвэл унагаахад аюулгүй байна.

Цахилгаан бүүвэйлэгч хортой юу?

Надад цахилгаан бүүвэйлэгч/савлуур байдаг. Товчлуур дарж асаагаад л хүүхдээ бүүвэйлдэг. Хүүхдэд маань ч савлах дуртай учраас бүүвэйлэгч дээр байх хооронд нь би бусад ажлаа амжуулж чаддаг. Энэ хүүхдийн хөгжилд ер нь хортой юу?

Савлуур нь хүүхдийн хөгжилд хортой зүйл байхгүй. Гэхдээ энгийн тэврэлт ч гэсэн хүүхдийн сонирхлыг адил хэмжээнд татаж чадна. Давтагдсан хөдөлгөөн, бүүвэйлэх, үсрэх зэрэг нь бүгд хүнийг тайвшруулдаг. Хүний дотор чих байрладаг сонсголын систем нь татах хүч, хөдөлгөөнийг мэдэрдэг тэнцвэрийн эрхтэний тусламжтайгаар хүүхэд биеийн байрлалаа засч, тэнцвэрээ хадгалж чаддаг. Бүүвэйлэх, савлах, үсрэх, эргэлдэх, биеийн байрлалаа өөрчлөх зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх үед тэнцвэрийн тогтолцоо идэвхжиж хүүхэд бага уйлдаг. Ийм ч учраас жирэмсэн эхчүүдэд бүүвэйлэгч сандлыг хамгийн эхний бэлэг болгон өгдөг. Мөн хүүхдээ тайвшруулахын тулд байрлалыг нь солих хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд ч дор нь ойлгодог. Дугуйтай сандал дээр хүүхдээ тэвэрч суугаад эргэлдвэл хүүхдийн тэнцвэрийн эрхтэн мөн адил идэвхжиж, тайвширна. Тоглоомын талбай дээр байдаг савлуур ч мөн адил. Хүнд тэврүүлээд савлах нь механик савлуураас огт өөр хэмнэлтэй учир хүүхдийг тань бүр гайхуулж магадгүй.