Унтах тухай түгээмэл асуултууд

Хүүхэд маань унтахынхаа өмнө орой болгон намайг хэд хэдэн удаа дууддаг

Манай гэрийн унтах дэглэм маш тодорхой. Усанд орсныхоо дараа хүүхэд хагас цаг тоглоод, дараа нь уншлагын цаг, тэгээд нь унтдаг. Гэхдээ л хүүхэд маань шууд унтаж чадахгүй орой болгон намайг 4-5 удаа дуудаж, дахиад нэг үнсүүлэх, ам цангах, дахиад ном уншуулах гэхчлэн нэг цаг гаран болж байж унтдаг.

Та унтлагын сайн дэглэмээс гадна түүний хүсэлтээр унтахаас нь өмнө 4-5 удаа хүү дээрээ очдог дэглэмийг мөн тогтоосон байгаа юм байна. Үүнийгээ болихыг хүсч байгаа бол та дахиж ингэхгүй гэдгээ маш тодорхой ойлгуул. Ойлгомжтой хориг тавьж, түүндээ тууштай бай. "Энэ бол өнөөдрийн сүүлийн ном, ямрыг нь уншуулмаар байна" эсвэл "Би өрөө лүүгээ буцаад явахаасаа өмнө чамд хэрэгтэй өөр зүйл байнгаа эсэхийг мэдмээр байна. Би орой буцаж ирэхгүй" зэргээр тайлбарлаж хэл. Эхэндээ хүүхэд их уйлж, муухай аашилна. Таныг буцаж ирэхгүй гэдгийг бат ойлгоод хүүхэд таны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, таныг тууштай байгаад харин ч бүр баярлаж, аюулгүй байдлыг мэдрэх болно.

Унтах зөв зуршлыг эхнээсээ сурах

Би удахгүй анхны хүүхдээ төрүүлнэ. Яавал хүүхэд маань анхнаасаа зөв унтах зуршилтай болох вэ гэдгийг мэдмээр байна. Зарим найзууд маань хүүхдээ унтуулах гэж хамт хэвтдэг, тэгээд маш их удах байж унтдаг гэж ярьдаг. Би ийм байдлаас яавал сэргийлж чадах вэ?

Хүүхэд эхнээсээ л өөрөө унтаж сурах дадал, чадвартай болох нь хамгийн чухал гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ сэрүүн байхад нь Мосе сагс, эсвэл оронд хэвтүүлж занших хэрэгтэй гэсэн үг. Ингэснээр хүүхэд бусдын оролцоогүйгээр өөрөө унтаж сурна. Гартаа бүүвэйлэх, зүүрмэглэтэл нь хооллох, тэргэн дээр унтуулах гэж ородох зэрэг аргыг илүү түлхүү хэрэглэдэг бол хүүхдэд тань өөрөөрөө унтах боломж гарч байгаагүй, туршлага байхгүй гэсэн үг. Үүний оронд, сэрүүн гэхдээ ядарсан байхад нь оронд хэвтүүлж, хамтдаа аажуухан хөгжим сонсох, дээр нь өлгөөтэй байгаа мобайл зөөлөн хөдлөхийг харах зэргийг заншвал хүүхэд өөрөө унтаж сурах ба төрснөөсөө эхлэн ийм зуршилтай болсон хүүхэд том болсон хойноо ч сайн унтдаг болно.

Миний хүүхэд шөнө өлсөж уйлдаг.

Найман сартай хүүхэд минь шөнөдөө 2-3 удаа сэрж сүү уудаг. Өдрийн цагаар сайн хоол иддэг ч гэсэн яагаад шөнө бас өлсдөг юм бол?

Таны хүүхэд өдөрт сайн хооллодог бол энэ насан дээрээ шөнө 2-3 удаа хооллох шаардлагагүй. Хүн бүрт нойрны хэмнэл гэж байдаг бөгөөд шөнийн туршид өөр өөр цагуудад сэрвэгнэх,хөнгөн нойртой болдог. Ийм үед томчууд байрлалаа солин эргээн ундтаг бөгөөд ихэвчлэн шөнө яагаад сэрснээ санадаггүй. Үүнтэй адилаар нялх хүүхэд ч гэсэн шөнө сэрсэн бол өөрөө эргээд унтаж сурах хэрэгтэй. Ийм байдлаар хөнгөн сэрсэн үед нь бид сүү өгж заншвал хүүхэд шөнө сэрээд эргээд унтахдаа сүү уух зуршилтай болно. Үүнийг шийдвэрлэх хамгийн шилдэг арга бол шөнө хөхүүлэх, угжихаа болих юм. Хүүхэд нэгэнт ийм зуршилтай болсон тул тийм ч амархан байхгүй гэдгийг анхаарна уу. Шөнө сэрэхэд нь та хүүхэд дээрээ очоод, тайвшруулаад эргээд яв. Хүүхдийг орноос битгий аваарай. Эхэндээ та шөнөдөө нэлээд олон удаа хүүхдээ сэрээд уйлахад нь тайвшруулах хэрэгтэй болох байх. Хамгийн гол нь бууж өгөхгүй, тууштай хооллохгүй байж чадвал тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа шөнө сэрээд сүү уух гэж уйлахаа болих бөгөөд өөрөө эргээд унтаж сурна. Аажмаар шөнө сэрэх нь цөөрч, өөрөө эргээд унтаж сурч, шөнө сэрсэн эсэхийг нь ч та анзаарахаа болино.

Миний хүүхэд шөнөжин сэрүүн байх юм

Миний хүүхдийн өдөр шөнө солигдсон бололтой. Учир нь шөнийн хагаст сэрүүн байж, өдөржин унтах юм. Үүнийг яаж болиулах вэ?

Хүн харанхуй болоход унтаж, гэрэлтэй үед сэрүүн байх ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Томчууд энэ хэмнэлийг ерөнхийд нь дагадаг ба бидний сэрэх, унтах цаг ганц, хоёрхон цагаар л өөр өөр байдаг. Хүүхдийн хувьд тэр төрөхөөсөө өмнө, бүтэн есөн сарын туршид өдөр, шөнө харгалзахгүй харанхуй орчинд ээжийнхээ гэдсэнд байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Иймд, төрснийх нь дараа харанхуй болохоор унтдаг, гэрэлтэй үед сэрүүн байдаг гэсэн хэмнэлд дасахад нь хүүхдэд туслах ёстой юм. Байгалийн энэ хэмнэл дасахын тулд бид өдрийн цагаар унтахын тулд зохиомлоор харанхуй болголгүйгээр хүүхдэд шөнийн цагаа унтах цагийг өөрөө сонгох боломжийг олгох нь чухал. Сонгох боломжийг хүүхдэд өг. Хүүхэд биологийн хэмнэлээрээ аяндаа харанхуй болохоор унтдаг, гэрэлтэй болохоор сэрдэг болно.