Хооллох тухай түгээмэл асуултууд

Миний хүүхэд хоол идэхгүй юм

Би хүүхэддээ олон янзын хоолыг амсаж үзүүлэхийг байнга оролддог. Дуртай хоолыг нь байнга хийхийг хичээдэг ба ямар хоол идмээр байгааг нь асууж, зөвхөн түүнд зориулж хийж өгдөг. Миний хүү гал тогоонд өөрийн сандал, ширээн дээрээ суугаад хоолоо иддэг ба би хажууд нь байнга байдаг боловч хоолонд тийм ч дуртай биш. Хоолоо тогтвортой сууж идэхгүй байнга босч, тоглоомоороо тоглох гээд яваад өгдөг. Хооллох сонирхолтой яаж болгох вэ?

Хооллох гэдэг нь зөвхөн эрүүл өсөлт хөгжилд чухлаас гадна нийгэмших зөв зуршил юм. Ганцаараа хооллоход ихэнх таашаал нь харьцангуй бага байдаг томчууд бид мэднэ. Таны асуултаас харахад орой болгон ганцаараа хооллодог бөгөөд ингэж хооллох нь таатай сайхан санагддаггүй учир тоглох гээд босоод явдаг юм байна гэж ойлголоо. Иймд, хэн нэгэн түүнтэй хамт хооллоод үзээрэй, түүнд илүү таалагдах байх. Болж өгвөл, оройн хоол идэхдээ гэрийнхэнтэйгээ нэг ширээнд цуг сууж хооллох орчин бүрдүүлж өг. Магадгүй байнга ингэж том ширээн дээр сууж хооллоход хэцүү байвал түүнийг ширээн дээрээ хооллоход нь хамтдаа суу. Зүгээр суухгүй хажууд хөнгөн зууш идээд суувал хүүхдэд хамтдаа хоол идэж байна гэсэн сэтгэгдэл төрнө. Хооллоно гэдэг хүмүүстэйгээр цагийг аз жаргалтай өнгөрөөх нэг хэлбэр юм байна гэдгийг хүүхэд ойлговол хоолны дуршил даруй сайжрах болов уу.

Хүүхдийг хэзээ хөхнөөс гаргаж эхэлсэн нь дээр вэ?

Янз бүрийн ном, эмээ, интернэт гээд төрөл бүрийн эх сурвалжууд хүүхдийг хэзээ хөхнөөс гаргах талаар өөр хоорондоо зөрчилдсөн олон янзын зөвлөгөөг өгөх юм. Таны зөвлөгөө юу вэ?

Хөхнөөс гаргахдаа хүүхдийн биологийн хөгжлийг дагах нь хамгийн зөв, шилдэг арга юм. Эхний үед хүүхэд зөвхөн хөхний сүүг шингээх чадвартай байдаг бөгөөд хөхний сүүний шим тэжээлийн төгс харьцаа нь хүүхдийн эрүүл өсөлтөд хамгийн тохиромжтой байдаг. Шүд нь ургаж эхлэхэд хүүхэд өөр хоолыг шүдээрээ идэхэд бэлэн болно. Үүнтэй адилаар, гараараа эд юмсыг барьж чаддаг болсон бол гараараа хоол идэж чаддаг болсон үг.

Бага насны хүүхдэд хутга өгнө гэдэг хэтэрхий аюултай санагдаж байна

Хүүхэдтэйгээ хамт хоол хийнэ гэдэг санаа надад маш таалагддаг бөгөөд миний охидууд ч хоолоо сайн идэхэд тус болж байгаа. Гэхдээ би охидууддаа хутга өгч, гадил жимс зүсүүлэх эсвэл амархан хагардаг шилэн аяга өгнө гэхээд одоо хүртэл айгаад байна. Өөрийгөө гэмтээчихгүй юу?

Таны айж байгааг бүрэн ойлгож байна. Бид бага насны хүүхдэд аюултай байж болзошгүй эд юмсыг хүүхдэд өгөх санаанд дасаагүй. Гэхдээ бодит амьдрал дээр эдгээр эд юмсыг буруу ашиглах буюу яаж зөв ашиглахыг мэдэхгүй үед аюултай байдаг. Иймд хутгыг яаж авч явах, яаж ашиглахыг хүүхдэд үлгэрлэж харуулах нь чухал юм. Ингэснээр хүүхэд өөрийгөө гэмтээхээс сэргийлж чадна. Хутгыг яаж гартаа барихыг үлгэрлэн үзүүлэх алхам алхмаар ойлгомжтой байдлаар маш удаанаар үзүүл. Бөөрөнхий иртэй хутганаас эхэл. Ийм хутга гадил жимс хангалттай зүсч чадна. Хутгыг илүү болгоомжтой хэрэглэж сураад, илүү хатуу хүнсний ногоо зэргийг хэрчих хэрэгтэй болоход нь арай хурц иртэй хутга өгч болно. Хүүхдэд шилэн аяга, хагардаг эд зүйслийг хэрхэн ашиглахыг үзүүлж сургасан ч гэсэн эхэндээ хэд хэдэн удаа хагалах өндөр магадлалтай. Гэхдээ ингэж хагалсныхаа дараа хүүхэд шилэн аяга шалан дээр унаад хагардаг гэдгийг нь олж мэдэж, туршлага суух учир дараагийн удаа шилэн аягатай илүү болгоомжтой харьцаж сурна. Хуванцар аяга хэрэглэдэг бол ийм мэдрэмж, туршлага суухгүй бөгөөд хагарамтгай эд зүйлстэй болгоомжтой харьцаж сурахад нь хамаагүй их удаж сурна.