Ойлгомжтой дүрэм, хил хязгаар тогтоох

Хүүхэд юу хийж болох, юу хийж болохгүйгээ мэдэх хэрэгтэй байдаг. Ямар төрлийн үйлдлийг хориглодог нь тодорхой, энгийн ойлгомжтой дүрэм орчин хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлдэг. Мөн ийм орчинд хүүхэд хүн биеэ хэрхэн биеэ зөв авч явахыг ойлгож эхэлнэ.

Хил хязгаар нь ойлгомжтой орчинг бүрдүүл

  • Хүүхдэд гэрийн дүрэм, хил хязгаарыг зөвөөр ойлгоход эхэндээ маш хэцүү байж болно. Томчуудын тавьсан дүрэм, хил хязгаарт хүүхэд байхад нь үйл, үйлдэл хийхийг зөвшөөрдөг байсан, эсвэл хориглодог байсан нөлөөлдөг. Нөгөө талаас, бусад эцэг эхчүүдийн хүүхэддээ зөвшөөрдөг ба зөвшөөрдөггүй зүйлс мөн нөлөөлнө. Иймд, бид алтан дунджийг олохыг байнга хичээж явдаг. Хэтэрхий зөөлөн, эсвэл хэт хатуу байхаас зайлсхийж, алтан дунджийг олох нь чухал юм.
  • Үргэлж за гэж битгий хэл. Зарим тохиолдолд хүүхдийг өөрөөр нь тайвшруулахад хамаагүй амархан байдаг. Жаахан уйлж байгаад өөрөө тайвширдаг. Хэрвээ эцэг эхчүүд нь үргэлж за гээд хүссэн болгоныг нь зөвшөөрөөд байвал, аливаа хориг, хязгаарыг хүлээн авч ойлгох чадваргүй нэгэн болж өснө. Хязгааргүй эрх чөлөөтэй өссөн хүүхэд том болоод багш, бусад томчууд, ажил олгогч, бүүр хууль дүрмийг тоодоггүй нэгэн болох магадлалтай.
  • Дандаа үгүй гэж бүү хэл. Нөгөө талаар хүүхдэд байнга үгүй гэж хэлээд байвал өөрөө бодож сэтгэх, бие даан шийдвэр гаргаж чаддаггүй нэгэн болж хувирна.

Хүүхэддээ дүрэм, хил хязгаар гэж юу болохыг ойлгуул

Өөрийг нь ойлгож байна, хүндэлж байна гэсэн мэдрэмж хүүхдэд төрж байвал, таны тогтоосон дүрэм, хил хязгаар хамгийн үр дүнтэй байна гэсэн үг. Заримдаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тулж ярилцах, зааварчлах, юу хийхийг нь хэлж өгөх зэргээр хүмүүжүүлэхийг оролддог. Гэвч үнэндээ хүний үйлдэл үгнээс илүү хүчтэй байда. Бусдын тэврэлт, нүдээ ирмэх, инээмсэглэх, зорилготой хийж байгаа үйлийг нь чимээгүй ажиглах зэрэг биеийн хэлэмж хүүхдэд зөв юм хийж байна гэсэн дохиог өгдөг. Зарим тохиолдолд багахан тусламж үзүүлэх эсвэл тусламж хэрэгтэй юу гэж асуухад л хүүхдэд хангалттай байдаг. Үүнтэй адилаар, хөмсөгөө өргөх, ширүүн царай гаргах зэрэг нь хүүхдийн буруу юм хийлээ гэж уурлаж загнах, орилж хашгирахаас хамаагүй үр дүнтэй. Үүнтэй холбоотой хэдэн зөвлөгөөнүүдийг өгье.

Гэр ахуйн хэрэгсэл, тоглоомыг зөвхөн зориулалтаар нь ашигла.

  • Тоглоомоор яаж тоглохыг харуул. Таны хүүхэд тоглоомоо шидээд байвал "Тоглоомтойгоо зөөлөн харьц" гэж хэлээд тоглоомыг авч зөв дүрсэнд ортол нь хийж үз. Бага насны хүүхдүүд сахилгагүйтэж биш сонирхож үзээд тоглоомоо шидэх тохиолдол бий. Мөн энэ насны хүүхдийн анхаарлыг эргээд хийж байсан, зөв үйлд татах ихэнхдээ их амархан байдаг. Тоглоомоо үргэлжлүүлэн шидээд байвал хүүхэд юм шидэхийг үнэхээрийн хүсээд байгаагаа магадгүй илэрхийлж байгаа явдал байх. Энэ тохиолдолд та анхаарлыг нь сарниулж, "Гадаа гарч бөмбөг шидье" гэж хэл.
  • Эд юмсыг зориулалтын дагуу ашигла. Эд юмсыг яаж зөвөөр ашиглах ёстойг үлгэр жишээг харуул. "Сандал бол суухад, ор бол унтахад, ширээ бол хоол идэхэд зориулсан" гэх мэтээр харуул. Хэрвээ орон дээр үсрээд байвал "Ор бол унтахад зориулсан, чи харин гадаа бол үсэрч болно" гэж хэлнэ. Энэ дүрэм гэрийн бусад гишүүдэд хамаатай гэдгийг анхаар. Зөвхөн таны хүүхэд биш бүгд эдгээр дүрмийг баримталдаг байх ёстой. Та өөрөө ч гэсэн сандал дээр зогсож болохгүй!

Дэг журмыг үлгэрлэн үзүүл, бий болго, хатуу мөрд.

  • Тоглосон тоглоомоо яаж хураадгийг үлгэрлэн харуул. Тавиур дээр аль болох цөөн тоглоом байлгаж, тогтмол хугацаанд сольж заншвал хүүхдийн тоглодог хэсэг цаг үргэлж цэвэрхэн, эмх цэгцтэй байх болно. Тоглоомыг та байнга хураадаг бол хүүхэд ч гэсэн удалгүй ийм зуршилтай болно. Таны хоёр ойтой хүүхэд эмх цэгцэд дээд зэргээр дуртай бөгөөд өөрийн ертөнцийг эмх цэгцтэй байлгахыг хүсдэг. Эргэн тойрны орчин, амьдралын хэв маягийг хүүхэд өөртөө шингээн авч байдаг бөгөөд гурван нас хүрээд эд юмсыг байсан байранд нь буцааж хураах чаддаг болно. Заримдаа та хүүхэддээ сэдэл өгөхийн тулд "Тоглож дуусаад энэ блокнуудыг хураадаг юм болоо" гэж хөгжилтэйгээр дөхүүлээд асуу. Эмх цэгцтэй орчин хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг.
  • Хүүхдээрээ хийлгэмээр байгаа зүйлийг та өөрөө хийж үзүүл. Таны хийж байгаа үйлдэл бол ямарваа үгнээс илүү хүчтэй. Хэрвээ та хүүхдээ ширээн дээр сууж хоол идээсэй гэж хүсч байгаа бол өөртөө мөн адил шаардлага тавь, ширээн дээрээ суугаад ид. Өрөөгөөр явж байхдаа, утсаар ярьж байхдаа эсвэл машин дотор хоолоо битгий ид. Таны хувьд тавьж байгаа шаардлага өөр байж болно гэдгийг хүүхэд хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй. Хэрвээ хоолон дундуур хүүхдүүд босч зогсоод, эсвэл хоолоороо тоглож эхэлбэл, "Хоолоо идээд дууссан гэж ойлголоо" гэж хэлээд хоолыг нь хураа. Ширээн дээрээ тогтвортой сууж, хоолоо идэж сурна гэдэг бол зан аашаа хянах чадварыг мөн сайжруулдаг.
  • Хүрч ойртож болохгүй хориотой газрууд байдгийг мөн ойлгуул. Ойртож болохгүй булан, хэсгүүд байгаа гэж тогтоосноор та зарим нэгэн илүү зүйлд дэмий бухимдахгүй байж болно. Жишээлбэл, хоолны амтлагч байдаг шүүгээнд хүүхдийн цоож хийчих. Ингээд л хүүхэд шүүгээн доторхыг буулган хоосолж чадахгүй, та үүнд нь бухимдах шаардлагагүй боллоо.

Хүүхдийг чиглүүлэхэд эерэг өгүүлбэр, хэллэг хэрэглэ.

  • Өөрийнхөө хүсэлтийг та эерэг үг ашиглаж хэл. Сөрөг үг битгий ашигла. Хүүхэд шалан дээр гурил асгаад байвал "Гурилыг саванд нь хийнэ ээ" л гэж хэл. "Гурилыг шал руу битгий цац" гэж хэрхэвч хэлж болохгүй.
  • Хоёр настай хүүхдэд хүсч байгаа юмаа хэлэхдээ та түүнээр юу хийлгэмээр байгаа шууд хэл. "Ширээнээс буу" гэж тушаахын оронд ширээ лүү авирч байгаа хүүхдээ тэвэрч буулгаад "Хөлөөрөө шалан дээр гишгэ" гэж хэл.
  • Хэрвээ таны хүүхэд гэр дотор байхдаа юманд явирч, гүйгээд байвал гадаа гарахад нь хангалттай сайн гүйлгэ, юманд авируул. Гэр дотор гүйгээд байвал зөөлөн аядуу дуугаар "Бид гэр дотроо ингэж алхдаг" гэж хэлээд өөрийнх нь хажууд алхаж үзүүл.
  • Таны хүүхэд дэлгүүр дотор чихэр авна гээд зүтгээд байвал "Өнөөдөр бид алим худалдаж авна" гэж хэлээд үз. Ингэж хэлснээр та хүүхдийн анхаарлыг болохгүй зүйлээс нь сарниулж, зөв зохистой зүйлд хандуулж байгаа хэрэг юм. Ихэнх хүүхдүүд, дэлгүүрт ороод түрдэг тэргэн дотор байгаа бүтээгдэхүүнүүдийг барьж үзэхийг хүсдэг. Энэ нь эдгээрийн нэрсийг мэдэх гэсэн хүслээ илэрхийлж байгаа явдал. Ийм тохиолдолд та "Чи энэ алимыг барьж байгаач. Энэ алим бол улаан өнгөтэй. Чамд алим үнэртэж байна уу? Хоёулаа дөрвөн алим худалдаж авъя. Чи надад эдгээр алимыг тэргэнд дотор хийгээд өгөөч тэгэх үү" гэхчлэн хүүхдийн хийж байгаа үйлдэлдээ татан оролцуулж, хормын өмнө хүсч байсан зүйлээс нь анхаарлыг нь эвтэйхэн хөндийрүүл. Яах ёсгүйг нь биш яах ёстойг нь хэлж өг.

Хэт сэтгэл хөөрөхөөс зайлсхий

  • Өлссөн, ядарсан, хэт сэтгэл нь хөөрсөн үедээ хүүхэд өөрийг хянаж чадахгүй болох үеүд амьдралд олон тохиолддог. Зарим ресторан, дэлгүүрүүд балчир хүүхдийн сэтгэл хэт хөөрөхөд хүргэдэг. Томчууд бид тод өнгийн гэрэл, нүргэлсэн дуу чимээг шүүлтүүрдэх чадвартай байдаг бол балчир насны хүүхдүүдэд энэ чадвар хараахан хөгжөөгүй байгаа.
  • Хүүхэддээ кафейн, хэт их чихэр өгөх, гар утас, зурагт, компьютерийн дэлгэц ширтэх боломж өгч болохгүй.

Цаг гарга

  • Хүүхдийг өсч том болохын хэрээр тавигдах таны дүрэм, хил хязгаар ч мөн өөрчлөгдөнө. Хүүхэд ч өөрөө илүү хариуцлагатай болно. Та хүүхдээ даган өсч, өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд ч 1 настай хүүхдэд таарсан хориг, шаардлагууд 3 настай хүүхдэд тохирохгүй байж болох шүү дээ. Хориг, хязгаарыг хүүхдийн насанд тааруулан өөрчилвөөс хүүхэд таныг өөрт нь итгэж байгааг мэдэрнэ. Мөн өөрөө өөртөө хориг тавьж сурах итгэлийг төрүүлнэ.