Гэрт хийж болох ажил, үйлийн тухай түгээмэл асуултууд

Миний хүүхэд амьдрах ухаан буюу гэрийн ажилд сонирхолгүй юм шиг санагдах юм

Хүүхэдтэй хамт гэрийн ажил хийх гэж янз бүрээр оролдсон ч гэсэн тэр бэлдэж өгсөн эд зүйлсээр тоглоод, би ажлыг нь хийгээд таарах юм. Түүнийг эхэлсэн ажлаа дуустал яаж оролцуулах вэ?

Та өөрийн хүлээлтээ багасгах хэрэгтэй санагдлаа. Энэ насны хүүхдүүдэд үр дүн чухал биш санагддаг бөгөөд тантай адил хурдтай ажиллаж чадахгүй. Хүүхдийгээ илүү сайн оролцуулахын тулд хажууд нь суугаад "миний ээлж, одоо чиний ээлж" гэсэн хандлагаар хамтдаа хий. Хүүхэд ганцаараа бие даан дуусгана гэж хүлээсний хэрэггүй. Хүүхдийн анхаарал сарнивал жижиг зүйл дээр анхаарлыг эргүүлэн тат. Жишээлбэл, хүүхэд хиртэй хувцас угаалгын машинд хийхэд тусалж байна гэж үзье.Тэгвэл хүүхдэд бүх оймснууд, эсвэл цамцнуудыг ялга гэдэг даалгавар өгөөд та өөрөө бусад хувцсыг угаалгын машинд хий. Ажлын зөвхөн нэг хэсэгт анхаарлыг нь төвлөрүүлснээр хүүхдэд анхаарлаа төвлөрүүлэхэд илүү амар болох ба дуусгасны дараа амжилтад хүрсэн мэдрэмж хүүхдэд төрж, улам урамтай болно.

Өөрийгөө гэмтээчих болов уу гэж айж байна

Би хүүхэдтэйгээ хамт гэрийн ажил хиймээр байдаг ч өөрийгөө гэмтээчих болов уу гэж байж байна. Гадил жимс зүсэхэд тоглоомон бус жинхэнэ хутга хэрэгтэй. Тэр хутгаар өөрийгөө зүсээд гэмтээчихвэл яана аа? Ямар зөвлөгөө өгөх вэ?

Гадил жимс зүсэхэд жинхэнэ хутга хэрэгтэй гэж та зөв хэллээ. Ийм нөхцөл байдалд бид аливаа ажлыг ямар ямар алхмаар хийвэл бага насны хүүхдэд аюулгүй, сонирхолтой байхыг сайтар бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хутгыг өөрийгөө гэмтээхгүйн тулд яаж барих ёстой вэ? Ирийг нь доод талд, гараараа бариулаас нь барина гэдгийг хүүхэддээ харуул, өөрөө үлгэрлэн үзүүл. Хурц үзүүртэй хутганаас аль болох зайлсхий. Хутганы ир хурц учраас болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруул. Гадил жимс зүсч байхдаа нөгөө гараа зүсэхгүйн тул хуруунуудаа хаана тавих ёстойг харуул. Хэрвээ та хүүхэддээ хутгатай болгоомжтой харьцахын тулд яах ёстойг харуулж, ойлгуулж чадсан бол хүүхэд хутгатай ямар болгоомжтой харьцаж чаддагийг та хараад гайхах болно.