Харилцаа: Арван зөвлөгөө

Хүүхэд бусадтай харилцахад гэрийн орчинд туслах арван арга

Хүүхэддээ элдэв чанга дуу чимээ, цахилгаан чимээнээс ангид нам гүм, тайван орчин бүрдүүлж өг. Зурагтны дууг хамгийн бага дээр тааруулах зэргээр арын дуу чимээг аажуухан болгож, амар тайван орчин бүрдүүлж өг. Хүүхдэд хамгийн их сонсогдох дуу чимээ бол хүний яриа байлгах тал дээр анхаар.

Хүүхэдтэйгээ ярилцаж бай. Хүүхдийг дуу авиа гаргах тоолонд түүнийг ярьж байгаа мэтээр эргэж хариу үйлдэл үзүүлж ярилцаж байна. Ганганаж эхлэх нь тэдний бусадтай ярилцаж байгаа хамгийн эхний оролдлогуудын нэг юм. Өдрийн турш хүүхэдтэйгээ ярилцаж, хүүхэд асрагч, зочдыг ч гэсэн тэдэнтэй ярилцахыг уриалаарай.

Түүх үлгэр, шүлэг уншиж, дуу дуулж өгч байгаарай. Эцэг эхчүүд нь ном сайн уншиж өгч байсан хүүхдийн үгийн баялаг илүү байхаас гадна номонд дуртай болдог. Төрсөн эхний өдрөөс нь эхлэн уншиж өгч байгаарай. Хүүхэд нэг л номыг дахин дахин уншуулах дуртай байдаг. Өдөр тутам таардаг эд зүйлс, энгийн үйлдэл, үйл явдлыг дүрслэн харуулсан бодит амьдралын түүх өгүүлсэн номыг сонго. Дуртай дуугаа хүүхдэдээ дуулж өг.

Тод шулуун ярь. Хүүхдийн туулж байгаа туршлага, үйлийг мөч бүрээр нь задлан тайлбарлаж өг. Хүүхэдтэй ярилцаж, ном уншиж өгөхөөс гадна хүүхдийн дуу авиа гаргах оролдлогыг анзаарч, биенд нь зөөлөн хүрэх, хариу инээмсэглэх, гаргасан дуу авиаг нь давтан хэлэх зэргээг хариу үйлдэл үзүүлэх маш чухал.

Хүүхдийг эрхлүүлсэн, хэлээ хазсан, ганц, хоёрхон үгтэй "нялх хүүхдийн хэл"-ээр ярилцаж болохгүй. Тодорхой утгагүй, хэлээ хазсан энэ яриа хүүхдэд ойлгомжгүй бөгөөд толгойг нь эргүүлнэ. Зөв үг хэллэг ашиглан харилцан ярилцах хүүхдэд агаар ус мэт хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ ярилцахдаа ойлгомжтой, логик дараалалтай ярьж бай. Тэд агшин бүр суралцаж байдаг гэдгийг сана. Эргэн тойрны юмс үзэгдлийг үгтэй холбож ойлгодог тул түүнд барьж байгаа эсвэл харж байгаа зүйлийнхээ нэрийг мэдэхийг хүсдэг тул хэн нэгэн хэлж өгөх хэрэгтэй.

Хүүхдийн бусадтай харилцах гэсэн оролдлогод хариу үйлдэл үзүүл. Ингэснээр дохио зангаа бус үгийг илүү хурдан хэлж сурахад тустай. Хүүхдэд өөрийн зүтгэлийн үр дүнг харах хэрэгтэй байдаг. Өөрийг сонсож, хариу өгөхөд хүүхэд "миний хэлэх үгс чухал" юм байна гэж ойлгоно. Хүүхэдтэйгээ харилцан ярилцснаар та хоёрын харилцаа улам бат бэх болох болно.

Зөв үгсийг ашигла. Зөвхөн түгээмэл үгнүүдийг бус аль болох дэлгэрэнгүй үг хэллэгийг ашигла. Жишээ нь сормисны үр, шүршүүрний хөшиг гэх мэтээр холбоо үгсийг өргөн ашигла. Гэрт байгаа бүх эд хогшлийн нэрсийг хэлж өг. Гал тогооны хэрэгсэл, угаалгын өрөөнд байгаа эз зүйлсийн нэрс, унтлагын өрөө гээд алгасалгүй бүгдийг нь нэрлэж, зааж өг.

Хүүхдийг үгийг буруу хэлэх үед нь давтаж эсвэл гэр бүлээрээ тоглоом шоглоом болгон ярилцахаас зайлсхий. Хэрвээ таны хүүхэд "пасжетти" гэж буруу хэлээд байвал "Бид оройн хоолондоо шпагетти идэх гэж байна" гэх мэтчлэн бүтэн өгүүлбэрийг үгийг нь засч хэл. Буруу хэлсэн үгийг засан өгүүлбэр ашиглан үргэлжлүүлэн ярилцахад хүүхэд удалгүй зөвөөр ярьж эхэлнэ.

Хүүхэдтэйгээ ээлжлэн болсон явдал, номноос уншсан зүйлээ ярилц. Зөвхөн номноос бус жинхэнэ амьдрал дээр тохиолдсон үйл явдал, түүхийг ярьж өг. Хүүхдүүд унтахаасаа өмнө болсон явдлын жижиг деталь болгоныг сонсох жигтэйхэн дуртай байдаг бөгөөд өдрийн гол үйл явдал ч гэж үздэг. Жишээлбэл "Чи өглөө сэрээд, ногоон өмд, динозавртай цамцаа өмсөөд, тэгээд дараа нь шүдээ угаасан ..." гэх мэтчлэн ярихад тэд дуртай байдаг.

Цаг гарган, хүүхдээ сонсч сураарай. Түүний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байсан ч гэсэн хүлээцтэй сонсч сур. Яриан дундуур нь тасалж, үгийг засах гэсний хэрэггүй. Ярьж дуустал нь сонс. Таныг анхааралтай сонсч байгааг мэдээд хүүхэд улам их ярилцах урам орно.