Балчир хүүхдийн харилцааны талаар түгээмэл асуултууд

Соосго хүүхдийн минь хэл ярианы хөгжилд муу юу?

Хүүхдээ унтуулахад соосго аманд нь хийхээр уйлахгүй амар байдаг юм. Гэтэл хожим энэ нь хүүхэд сайн ярьдаг болоход нөлөөлж магадгүй гэж сонслоо. Энэ үнэн үү?

Ярих чадвар, хэл ярианы заслын Рояал коллежийн эрдэмтэд ганганаж ярьдаг үедээ соосго тогтмол хэрэглэх нь хүүхдийн ярианы чадварт сөргөөр нөлөөлдөг, тэр бүү хэл соосго хөхөхөө больсны дараа нь ч гэсэн нөлөөлж магадгүй гэж үздэг. Соосго хөхөж байгаа хүүхэд уруул, хэл, эрүүгээ ашиглан дуу авиа гаргаж чаддаггүй учраас ганганаж чадахгүй болдог. Гэтэл ганганаж ярих нь хүүхдийн хувьд ярьж сурах хамгийн гол үе юм. Амьдралын эхний нэг жилдээ хүүхэд ойр дотнын хүмүүсийн ярьж байгаа хэлийг өөртөө шингээн авч, дуу авиа гаргах гэж оролдож эхэлдэг. Харин соосго бол энэ хөгжилд нь саад болдог.

Хэл ярианы хөгжилд дохионы хэл тустай юу?

Хүүхдэд дохионы хэлийг зааж өгвөл, хэлд орохоосоо өмнө тантай ярилцаж чаддаг болно гэж би уншсан. Дохионы хэл үнэхээр тустай эсэх, эсвэл хүүхдийн ярих оролдлогыг удаашруулдаг эсэхийг мэдсэнийхээ дараа би оролдож үзмээр байна.

Нярай хүүхдэд дохионы хэл таниулна гэдэг нь ярьж хараахан чадахгүй, бухимдаж байгаа хүүхдэд цөөн хэдэн дохио зааж өгөхийг хэлж байгаа юм. Үүнтэй санал нийлдэггүй хүмүүс "дохионы хэл" хүүхдийн ярьж сурах урам зоригийг мохоодог гэж хэлэх нь бий. Хүүхэд, томчуудын бие биентэйгээ ярилцах харилцааг юу ч орлож чадахгүй бөгөөд үг хэллэгийг сонсч байж л хүүхэд хэлд орж, ярьж сурдаг. Хүүхэдтэй үргэлж хамт байдаг томчууд хүүхдийн юу хэлэх гэж оролдож байгааг ямарваа тусгай дохионы хэл ашиглалгүй ойлгож чаддаг. Иймд, дохионы хэлийг хэл яриатай хавсарган ашиглах хэрэгтэй.

Бид ямар хэлээр ярих хэрэгтэй вэ?

Нөхөр Франц, харин би өөрөө Англиар ярьдаг. Бид хүүхдээ хоёр хэлийг төгс сайн эзэмшээсэй гэж хүсдэг. Гэхдээ үүний тулд бид яах ёстойг сайн мэдэхгүй байна. Ямар зарчим мөрдөх хэрэгтэй вэ?

Хүүхэд нялх, нярай байхдаа ямар ч хэлийг түвэггүй сурч чаддаг. Хоёр хэлтэй болгохын тулд төрсөн цагаас нь эхлэн хүүхдийнхээ хажууд Франц, Англи хэлээр хослуулан ярьж занш. Хамгийн төгс арга бол эцэг, эх өөрсдийн төрөлх хэлээр л хүүхэдтэйгээ тууштай ярилцах хэрэгтэй. Аав нь зөвхөн Франц хэлээр, ээж нь Англи хэлээр зөвхөн ярилцана гэсэн үг. Ийм тохиолдолд хүүхэд хоёр хэлийг хоюуланг нь адилхан шингээн авч, төгс эзэмшиж чадна. Зарим тохиолдолд хүүхэд нэг хэлийг нөгөө хэлээс хамаагүй хурдан сурч, ойлгож байгаа хэрнээ аль нэг хэл дээр ярилцахаас татгалзаж байгаа мэт санагддаг. Ингэлээ гээд та бууж өгөлгүй, төрөлх хэлээрээ үргэлжлүүлэн ярилцсаар байгаарай. Өөр хэлээр хариулж байсан ч гэсэн хамаагүй үргэлжлүүл. Хожим хойно хос хэлийг ул суурьтай эзэмшүүлэх гэсэн таны уйгагүй оролдлогод талархах болно.