Хувийн сахилга бат: Арван зөвлөгөө

Сайн хувийн сахилга баттай болоход нь туслах арван алхам

Хүүхдийн орчинг өөрийнх нь хэмжээнд таарсан тавилга, эд юмсаар тохижуул.Жишээлбэл, хүүхэд лууван эсвэл гүзээлзгэнэ угаах гэж байгаа бол хүүхэд өөрт таарсан ширээ, сандал дээр суугаад, гарт нь таарсан гал тогооны хэрэгсэл ашигладаг байхаар орчноо бүрдүүл. Тавиурын тоос арчих, шал шүүрдэх, оймс угаах, хоол идсний дараа ширээгээ арчих, хувцас эвхэх, хураах, ширээ засах зэрэг гэрийн ажлуудыг яаж хийхийг энгийн байдлаар үлгэрлэн үзүүл.

Хүүхдэд алдаанаасаа суралцах боломж өг. Тэр тантай адил хурдан шуурхай байж чадахгүй. Шал арчиж сурч байгаа бол дууссаных нь шалан дээр саван, арчаагүй ус байж болно. Бага насны хүүхдийн хувьд ямарваа ажлыг гүйцэтгэх явц илүү ач холбогдолтой. Түүний дотоод хөгжилд цэвэрхэн шал бус шалыг арчих явц хамаагүй чухал. Алдаа гаргахад нь хөндлөнгөөс орж, өмнөөс нь хийхийн оронд хамтдаа хий, хүүхдийн оролцоо, оролдлогыг бүү болиул.

Гэр ахуйн хэрэгсэл, тоглоомыг зориулалтын дагуу зөвхөн ашигла. Хэрвээ таны хүүхэд тоглоомоо шидээд байвал "Тоглоомоо болгоомжтой хэрэглэ" гэж хэл. Заримдаа хүүхдүүд тоглоом зэргээ эвдэх гэсэндээ бус харин сонирхоод шидэж үздэг. Дахиад тоглоомоо шидээд байвал "гадаа гарч, бөмбөг шидье" гэхчлэн зөвөөр сатааруул.

Боломжтой үед жинхэнэ сонголт хийлгэ. Самарны тос авах уу бяслаг авах уу эсвэл ногоон алим авах уу, улаан алим авах уу гэх зэрэг жинхэнэ сонголт хийлгэ. Хэтэрхий их сонголт хийлгэвэл балмагдах учир өдөрт цөөн сонголт хийлгэхэд энэ насны хүүхдэд хангалттай.

Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ, эерэг хандлагатай ярилц. Тэдэнд эерэг агуулгатай үг л хангалттай бөгөөд хоосон магтаалаар тултал нь магтах хэрэггүй. "Чи маш сайн туслагч шүү" гэж хэлэхийн оронд "Ширээ засч өгсөнд баярлалаа" гэж хэлэхэд л болно. "Ширээнээс буу" гэхийн оронд ширээнээс тэвэрч буулгаад "Хөлөөрөө газар гишгэнэ" гэж хэл.

Ямар нэгэн зүйл хийлгэхийн тулд хүүхдээ шагнах гэсний хэрэггүй. Хүүхдэд ажил, үйл хийх нь өөрөө шагнал. Томчууд бид "ажил" гэдгийг заавал хийх ёстой зүйл гэж ойлгодог бол хүүхэд ажлыг тоглоом гэж үздэг.

Тогтоосон дэглэмээ тууштай баримтал. Хүүхдүүдэд унтах, хооллох, гэрийнхэнтэйгээ байх тогтмол дэглэм, хуваарь хэрэгтэй байдаг. Мөн цугларсан энергиэ гадагшлуулж, гадаа тоглох цаг гарга.Түүний өдрийн хуваарь тодорхой байхад хүүхэд дараа нь юу хийхээ мэддэг.

Гэрийн бүх хүмүүст таарсан дүрэм, хориг тогтоож, хүн болгон үүнийг биелүүлдэг байх ёстой. Хүүхдийнхээ хүссэн бүрийг гүйцэлдүүлэх аваас түүнээс бусад хүмүүс ямар зан байдал, үйлдэл гарахыг хүлээж байгааг ойлгоход хэцүү болдог.

Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө нөхцөл байдал бүрийг үнэлж сур. Хүүхэд муухай аашлаад эхэлбэл ядарсан эсэх, өлссөн эсэх, бухимдсан эсэх, хэт сэргэсэн эсэхийг өөрөөсөө асуу. Нөхцөл байдалд тааруулан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.

Шийтгэл үр дүн өгөхгүй гэдгийг ойлго. Шийтгэх нь үр дүн багатай. Хүүхэд шийтгүүлснээр хүүхэд яах ёстойгоо бус яах ёсгүйдээ илүү анхаарна. Энэ нь ихэнх тохиолдолд, бага асуудлыг улам том болгоно. Бага насны хүүхэд шийтгүүлснээ ихэвчлэн санах хэдий ч яагаад, ямар зан байдал гаргасан учраас шийтгүүлсэн гэдгээ ухаж ойлгодоггүй.