Хүүхэддээ алдаа гаргахыг зөвшөөрөх

Алдаа гаргаснаар өөрийнхөө бохирдуулсан зүйлийг яаж цэвэрлэх сурах боломж гарч ирнэ

Бид амжилтаасаа бус алдаанаас илүү ихийг суралцдаг нь үнэн юм. Хүүхдүүдэд энэ бүр их хамааралтай бөгөөд өөрийгөө хянаж сурч байгаа хүүхдүүд алдаа гаргаж, түүнээсээ суралцана.

Алдаа гаргахад тайван, амгалан байдаг орчинг бүрдүүл

  • Аливаа суралцах явцын нэг салшгүй хэсэг бол алдаа гаргах юм. Алдаа гаргалаа гээд уурлаж бухимдалгүй, тайван, хүлээцтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүүхэд илүү ихийг сурч чадна. Ямар нэгэн шинэ зүйлийг хийж сурахын тулд бага насны хүүхдүүд маш олон удаа давтан хийх хэрэгтэй байдаг. Балчир хүүхэд хувцсан дээрээ асгалгүй идэх, аль гутлыг аль хөлөндөө өмсөх зэргийг ойлготол их хугацаа хэрэгтэй.
  • Балчир хүүхдийг алдаа гаргахыг зөвшөөрдөг орчинд хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлуулдаг гэдгээ мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, хайр гэдэг нь зан байдлаас шалтгаалж өөрчлөгддөг зүйл биш юм гэдгийг ухаарна. Эхний жилүүдэд хүүхэд юу хийж чадах чадахгүйгээ, биеэ яаж явч зэргээ хянаж чадахгүй. Бусдын хайр өөрийнх нь хянаж, удирдаж чадахгүй зүйлээс хамаарч эхэлбэл хүүхэд их эмзэг болдог.

Гаргасан алдаанд нь эерэг хандлага харуул.

  • Суралцсаар байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөр. Танд аяга таваг хураахад тусалж байсан хүүхэд тавгаа унагаагаад хагалах тийм ч таатай бус. Энэ үед нь хүүхдийг загнаж, сөрөг хандлага үзүүлбэл түүнд дараа нь дахин аяга таваг хураах хүсэл төрөхгүй. Үүний оронд эерэг хандлага гаргаж, "Зүгээр ээ. Шалаа шүүрдээд цэвэрлэчихье" гэж хэлэхэд түүнийг санаатайгаар унагааж хагалаагүй гэдгийг нь томчууд ойлгож байгаа юм байна гэсэн мэдрэмж төрнө. Түүний сурах явц, эрмэлзэлд ийм эерэг хандлага урам өгч, дараагийн удаа улам хичээх сэдэл төрүүлнэ. Олон удаа давтаж хийх тусам хүүхэд биеэ улам сайн удирдаж сурна.
  • Өмнөөс нь хийх гэж бүү оролд. Таны хөнгөхөн хийчих юмыг хүүхэд чадахгүй байгааг хараад зогсоход хэцүү хэдий ч зөвхөн оролдож, өөрөө хийж үзэж байж хүүхэд илүү сайн хийж сурна. Дундуур нь орж, өмнөөс хийж өглөө гээд бид түүнд чи үүнийг хийж чадахгүй юм байна гэж ойлгуулахаас цаашлахгүй. Хэтэрхий олон удаа ингэж хийж байгаа ажлынх дундуур орвол, хүүхэд удалгүй дахин оролдохоо больж, бууж өгнө.

Цаг гаргаж, хүлээцтэй хүлээ

  • Ямар нэгэн зүйлийг төгс төгөлдөр, огт алдаагүй хийдэг болоход тодорхой хугацаа орно. Хажуунаас нь хэн нэгэн түүнийг шүүмжилж, алдааг нь засах гэж оролдохгүй байхад хүүхдэд өөрөө хийж үзэх эерэг хандлага төлөвшинө.