Гэрийн орчинд хийх ажил, үйл санал болгох

Та магадгүй аяга таваг угаах тийм ч дуртай биш байх, харин бага насны хүүхдүүд жигтэйхэн дуртай байдаг. Гэрийн ажилд хүүхэд оролцож байгаадаа их дуртай байх бөгөөд өөрийгөө гэр бүлийн гишүүн гэдгээ ойлгож эхэлнэ. Гэрийн ажил хийх явцдаа хүүхэд хүмүүс хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг мөн ухаарч эхэлдэг давуу талтай.

Хүүхдэд тохирсон ажил, үйл хийх боломжтой орчин бүрдүүл

Хүүхэд таны хийж байгаа ажил, үйлийг мөн дууриан хийх дуртай. Тантай адил зүйл хийснээр хүүхэд өөрийгөө гэрийн нэг гишүүн гэдгээ ухаарч эхэлнэ. Хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг мэдэж эхэлдэг энэ үедээ хүүхэд гэрийн ажилд оролцож, таны хийдгийг хийх нь өөрийгөө илүү найдвартай орчинд байна гэдгээ мэдрэхэд тустай.

Хоёр зүйл дээр төвлөрсөн ажил, үйлийг хүүхэд хийх дуртай. Нэгдүгээр, илүү сайн биеэ даасан мэдрэмж төрүүлдэг учир өөрийгөө арчлах ажлуудад дуртай байдаг. Хоёрдугаарт, гэр, эргэн тойрны орчноо цэвэрлэх, цэгцлэх ажилд татагдана. Ийм төрлийн ажил үйлийг үйлдэх замаар хүүхэд гэрийн гишүүд хэрхэн бие биендээ тусалж, хамтран амьдардгийг ухаарч эхэлнэ. Хүүхдийн хийх дуртай ажил үйлийн жишээнүүд:
  • Тоос орчих, шал шүүрдэх, шал арчих, өнгөлөх, угаах, цэвэрлэх
  • Хувцас эвхэж, хураах, хувцас хатаахаар өлгөх
  • Хоол бэлтгэх, талх барих, ширээ засах, аяга таваг угаах, хатаах
  • Жимс ногоо тарих, услах, зам шүүрдэх, цэцэг услах, навч шүүрдэх, цас цэвэрлэх
  • Амьтдад хоол өгөх, ус өгөх
  • Хоол хүнс худалдаж авах, зөөх, хураах, аяга цэгцтэй хураах
Эдгээр үйлийг гэрийн орчинд хийх орчинг хүүхдэд бүрдүүлэхийн тулд бүх зүйл гарын дор нь байх хэрэгтэй. Дараах бэлтгэл ажлыг та хангаж болно.
  • Хүүхдэд таарсан шүдний сойз, шүүр, хувцас, аяга, шүүр зэргийг бэлд.
  • Эдгээрийг хүүхдийн өндөрт тааруулан нам газар, доод талын шүүгээнд байрлуул. Шүүгээ, шургуулганы хаалгыг хүүхэд амархан онгойлгож чадаж байгаа эсэхийг шалга.
  • Хүрч чадахгүй газарт авирч гарахад нь зориулж тогтвортой, хөнгөн намхан сандал бэлдэж өг.

Эдгээр ажил, үйлийг хэрхэн хийхийг үлгэрлэн сурга

Дараах бэлтгэлийг хангаж чадвал таны хүүхэд гэрийн орчинд маш олон төрлийн ажил хийж болно.
  • Ямар нэгэн үйлийг хэрхэн хийхийг удаанаар үлгэрлэн үзүүл
  • Та өөрийгөө алхам алхмаар, дэс дараатай хийж байгаа эсэхийг хяна
  • Хүүхдэд хэрхэн хийхийг үзүүлж байхдаа хажуугаар нь бүү ярь
  • Хүүхэддээ ямар үйлдэл хийх гэж байгаагаа өмнө нь тайлбарла, тэгээд үзүүл. Үзүүлэнгээ ярьж болохгүй. Учир нь хүүхэд нэг бол таны үйлдлийг анхааран харна эсвэл таны яриаг чагнана. Энэ насны хүүхдэд сонсонгоо харж байгаа зүйлээ ойлгох чадвар хараахан эзэмшээгүй байгаа.
  • Хүүхдийнхээ анхаарлыг алдахгүйн тулд алхам бүрийн дундуур нүд рүү нь харж инээмсэглэ
  • Хүүхэддээ өөрөө оролдож үзэх боломж олго
  • Эхний үед та хүүхэддээ бага зэрэг л туслах, хамтдаа хийх хэрэгтэй байх. Аль болох бага туслахыг хичээгээрэй.
  • Хүүхдийг өөрөө хийдэг болоход нь тусал. Үүний тулд та хажуунаас туслахаа аажмаар багасгаж, бүр болих хэрэгтэй.

Цаг гаргах

  • Хүүхэд тантай адил хурд, аргаар үйлдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнд бидэн шиг ажлыг хурдан дуусгах нь сонин бус харин үйлдэх явц илүү сонирхолтой, гайхалтай санагддаг тул зарим үйлдэл, алхмыг хүүхэд илүү удаан хийдэг. Хийх явцдаа бие сэтгэлээрээ уусан орж, гайхширна. Магадгүй зарим тохиолдолд хүүхэд ямар нэгэн ажил хийсний дараа шалан дээр саван, ус хөглөрөх гээд бүр илүү заваан болж ч магадгүй. Хүүхдийн дотоод хөгжилд цэвэрхэн шал бус ажил хийх явц илүү чухал гэдгийг эндээс харж болно.
  • Хүүхэд сонирхсон ажил, үйлээ хийж дуустал хүлээхэд харьцангуй их цаг шаардагдах тул заримдаа танд хэцүү санагдах байх. Хүүхдийн хөгжилд чухал гэдгийг санаж, хүлээцтэй хандаарай. Хүн бүрт ямар нэгэн юманд төвлөрөн суух хэрэгтэй байдаг. Улам сайн хийх гээд оролдож байхад хэн нэгэн хажуунаас саад болоход хэцүү байдаг. Хүүхдэд ч мөн энэ хамаатай. Бага насны хүүхэд сонирхсон ажлаа гараараа хийж байхдаа биеэ улам сайн хянаж, удирдаж сурна. Биеэ сайн удирдаж сурна гэдэг бол зан байдлаа ч хянаж сурахад сайнаар нөлөөлнө.