Балчир хүүхдийн зан байдлын талаар түгээмэл асуултууд

Хүүхдүүд маань хэрэлдээд байвал би оролцох ёстой юу?

Хүүхдүүд маань үргэлж хоорондоо муудалцдаг бөгөөд би үргэлж л зохицуулж таарах юм. Ингэж муудалцахыг нь болиулах зөвлөмжийг надад өгөөч?

Боломжтой бол хүүхдүүддээ өөр хоорондоо учраа олж, нийгэмшихүйн чадвараа хөгжүүлэх боломжийг олго. Асуудал гарсан шалтгааныг тэмдэглэн авч, аль болох бага зөрчилдөөн гарахаар орчноо бүрдүүл. Жишээлбэл, том хүүхдийн тоглоомыг өндөр тавиур дээр, бага насны хүүхдийн тоглоомыг доод тавиур дээр тавь. Хэрэв зарим тоглоом нь ах, дүү хоёрын дундын тоглоом бол хэн нэгэн нь тоглоомоороо тоглож дуусаад тавиур дээр буцааж тавих хүртэл тэр тоглоомыг авч болохгүй гэсэн дүрэмтэй бол. Хувийн тоглох орон зайг тэмдэглэж, хивс эсвэл дэвсгэрийг ашигла. Хэрэглэсэн тоглоомыг тавиур дээр буцааж өгөхөөс нааш дэвсгэр дээр тоглож байхад нь хүрч болохгүй гэж ойлгуул.

"Одоо боль, тэгэх үү. Болд одоо тэр тоглоомоор тоглож байна. Түүнийг дуустал хүлээ" гэх зэрэг хүүхдэд хэрэгтэй хэллэгийг нь зааж өг. Нөхцөл байдлыг ажиглаж, зан авир нь түрэмгий эсвэл нэгнийгээ гэмтээж магадгүй болсон тохиолдолд л хөндлөнгөөс оролцоорой. Хүүхдүүддээ мэдрэмжээ үгээр илэрхийлэх зааж өг. Зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, эхлээд нэгнээс нь "Чамд хэлэхийг хүсч байгаа зүйл байна уу?" гэж асуугаарай. Зүгээр сонс, бодож байгаа зүйлээ бүү хэл. Дараа нь нөгөө хүүхэд рүүгээ эргэж, асуултаа давт. Хүн бүр хүссэн бүх зүйлээ хэлж дуустал нь үргэлжлүүл. Энэхүү тайвшруулах үйл явц нь ихэвчлэн шийдлийг олоход тусалдаг.

Алгадаж болох уу, үгүй юу?

Эцэг эх нь бие махбодийн шийтгэл хэрэглэх үед хүүхдүүд хил хязгаар, дүрмийг илүү сайн ойлгодог гэж би сонссон. Энэ үнэн үү?

Уур бухимдал л эцэг эхчүүдийг хүүхдийнхээ бие махбодод шийтгэл оногдуулахад хүргэдэг. Хэрэв эцэг эхчүүд түр амсхийж, тайвширч чадвал хүүхдээ болиулах өөр аргыг сонгох байсан байх. Хүүхдийг ингэж шийтгэх нь хүнийг цохиж болдог юм байна, том хүмүүс жижиг хүмүүсийг цохих нь зөв гэж хүүхдэд ойлгуулдаг. Таны хүүхэд цохиж зодох нь асуудлыг шийдэх арга юм байна гэж ойлгодог болно. Мөн таниас айж сурна. Бие махбодийн шийтгэл нь хүүхдийг аливааг тэрсэлж, эсэргүүцдэг бөгөөд ууртай, доромжлогдсон байдалд хүргэж болзошгүй. Бие махбодийн шийтгэл нь түрэмгийлэл, дээрэлхэлд хүргэдэг болохыг олон тооны судалгаа харуулж байна.

Бүх зүйлд хүрч, хүртэхийг хүсч байгаа хөлд орж байгаа хүүхдээ хэрхэн хянах вэ?

Миний хөлд орж байгаа хүүхэд бүх зүйлийг л сонирхож явдаг болохоор би нэг л мэдэхэд "Болохгүй, үгүй!" гэж хашгираад, барьж байгаа юмыг нь шүүрч авахад хүрдэг. Үүнийг хүүхэд маань улам эсэргүүцэж, бөөн уйлаан болдог. Өөр арга байна уу?

Хүүхэддээ тоглож, суралцах аюулгүй орон зай гаргаж өг. Бүх зүйлд үгүй ​​гэж хэлэхгүй байхыг хичээ. Хүүхдүүд сурахын тулд судлах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд "битгий хүр" гэж байнга сонсдог бол тэр сониуч зангаа алдах эсвэл бүр хүрч үзэх хүсэл нь улам асах болно. Гэхдээ хэн нэгний намхан ширээн дээр үлдээсэн үзэг эсвэл хутгыг барьж байвал тэр даруйд нь аюултай зүйлээс холдуулахын тулд "Болохгүй" гэж хэлээд, даруй очиж гараас нь ав. Таны "болохгүй" гэсэн үг, санаа зовсон сэтгэл хөдлөл хоёр тэр аюултай зүйлд хүүхэд хүрэхээс нь амжиж очих авах хугацааг өгнө. Аль хэдийн хайч зэрэг аюултай зүйл аль хэдийн барьж байвал хайчны нэрийг хэлж өгөөд, багахан хугацаанд барьж үзэх боломж өг. Энэ үе та гэхдээ яг хажууд нь байх хэрэгтэй. Заримдаа энэ насны хүүхэд эд зүйлийн нэрийг л мэдэх гэж хүрч, хүртэж үзэхийг хүсдэг. Ингээд юу гэж нэрлэдгийг нь мэдэнгүүтээ сонирхол нь шууд буурах ч бий.