Хоосон магтахгүй урам өгөх

Хүүхэд өөрийн үйлдлээ ухамсарлахыг хөхүүлэн дэмжих орчныг бүрдүүл

  • Эцэг эхчүүд хүүхдийн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх гэсэн сайн сайхныг хүссэн сэтгэлээрээ заримдаа хэт их магтаал хэрэглэдэг. 'Чи бол гайхалтай уулчин, гайхалтай уран бүтээлч, чимээгүй удаан сууж чаддаг' гэх зэргээр магтана. Гэхдээ ихэнхдээ эдгээр үгс үнэхээр чин сэтгэлээсээ биш, хүүхдүүдэд ямар нэгэн зүйл хийх сэдэл төрүүлэхгүй, магтаалаас хамааралтай болоход хүргэдэг. Хүнсний ногоо идэх эсвэл гутлаа өмсөх зэргээр хүүхдүүдийг магтаж байгаа нь үнэндээ тэд бидний хүссэнийг хийсэнд нь баярлаж магтаж байгаа хэрэг юм. Бидний хэлж байгаа магтаалын үг чин сэтгэлийн бус илүү албадлагын шинжтэй гэдгийг бага насны хүүхдүүд хүртэл ялгаж чадна.
  • Судалгаанаас харахад хүүхдүүдийг хэт магтан дуулдаг өнөөгийн соёл нь тэднийг хичнээн их хүчин чармайлт гаргаснаас үл хамааран амьдралд хэрэгтэй зүйлээ авах эрхтэй гэдэг мэдрэмж төрүүлдэг. Тэднийг үргэлж сайн байна гээд магтаад байвал үнэндээ хэр зэрэг сайн байгаа гэдгээ өөрөө үнэлж дүгнэж чадахгүй учраас ямар чадвартай гэдэг дээр эргэлзэж эхэлдэг. Энэ нь таныг хүүхдээ зоригжуулах ёсгүй гэсэн үг биш юм. Бидний гаргасан хүчин чармайлтыг ажлын хамт олон эсвэл гэр бүлийн гишүүд үнэлэхэд бид дуртай байдагтай адилаар таны хүүхэд ч гэсэн эерэг хариу, сэтгэгдэл сонсох дуртай байна.
  • Хүүхдүүддээ яаж урам зориг өгөх вэ гэж бодож байгаа бол өөрсдийгөө шинэ арга барилаар хүнд урам зориг талаар сургах дээр бага зэрэг ажиллах хэрэгтэй. Ингэснээр одоо цагт өргөн хэрэглэгдэх болсон магтаалын давалгаанд эргэн цохигдохгүй байж чадна.

Хийсэн үйлдлийнхээ үр нөлөөг мэддэг болж эхлэх аргуудыг хүүхэддээ танилцуул

  • Хүн дээр бус хийсэн үйлдэл, оролдого дээр анхаарлаа төвлөрүүл
    ‘Чи үнэхээр сайн туслагч’ гэхийн оронд ‘Ширээ зассанд баярлалаа’ гэж хэлээрэй. ‘Чи ийм сайн зүсэж чадлаа’ гэж хэлэхийн оронд ‘Оройн хоолон дээр луувангаа хэрчиж өгсөнд баярлалаа’ гэж хэлээрэй.
  • Өрөвдөх нинжин сэтгэлийг төлөвшүүл
    ‘Аннаг тайтгаруулж байгаа нь надад таалагдаж байна’ гэж хэлэхийн оронд түүний үйлдэл нөгөө хүнд хэрхэн нөлөөлж байгаад анхаарлаа хандуул: ‘Анна чамайг алчуур аваачиж өгөөд тэврэхэд чинь уйлахаа больчихлоо. Түүнд хамаагүй дээр байгаа байх даа" гэж хэл. Энэ нь магтаалаас огт өөр юм.
  • Чимээгүй ажигла
    Таны хүүхэд магтаал хүлээдэггүй. Таныг юу ч хэлээгүй байхад таны хүүхэд илүү шаргуу ажиллаж, тоглож байгааг хараад та гайхаж магадгүй юм.
  • Талархлаа илэрхийл
    Яарч байх үедээ ‘Чамаас болоод бид хоцорлоо. Хурдан хүрмээ өмс" гэж хэлэхийн оронд "Чи өөрөө хүрмээ өмсөж байгаа чинь биднийг шүдний эмчид цагтаа очиход их тус болж байна" гэж хэлээрэй.
  • Үнэлж дүгнэхийн оронд ажигла
    Таны хөлд орж буй хүүхэд блокоор тоглож байвал ‘Блокууд шаланаар нэг тарчихсан байна’ гэж хэлэхийн оронд ‘Бүх блокуудаа ашиглаж байна’ гэж хэлээрэй. Хөндлөнгийн ажиглалт нь хүүхдийн сонирхол төрөх, эргэцүүлэн бодоход хүрэхэд нөлөөлж чадах бол шүүмжлэх нь урам зоригийг мохоож болзошгүй.
  • Өөрийгөө үнэлэх орон зай гаргаж өг
    "Чиний зураг надад таалагдаж байна " хэлэхийн оронд "Цаасныхаа зүүн талыг дүүргэж зурсан байна" гэж хэл. Энэ нь хүүхдийн анхаарлыг таны үзэл бодол дээр бус зурсан зураг дээр нь төвлөрүүлнэ. "Ямар гоё морь вэ" [үнэнээсээ хэлээгүй ч байж магадгүй ] гэхийн оронд " Чи улаан морь зурсан" байна гэж хэлээрэй. Ингэж хэлэх нь хүүхдийн анхаарлыг таны үнэлгээнд бус зурсан зургаа өөрөө үнэлэхэд хандуулна.
  • Шагнал шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөр
    Бага насны хүүхдэд хийж байгаа үйл нь өөрөө шагнал болдог. Хүүхэд гадил жимсийг хальсалж байхдаа хальс нь хэрхэн цэвэрхэн хуулагдаж байгааг баярладаг. Тэр гадил жимсийг цэвэрхэн болсных нь дараа идэхдээ баярлана. Нохойны аягыг хоолоор дүүргээд нохой баярлан сүүлээ хөдөлгөн ирэхийг харах нь хүүхдийн хувьд том шагнал юм.
    Судалгаанаас шагнал, урамшуулал нь хүүхдэд урам зориг өгөхгүй эсрэгээр нь нөлөөлж байгааг харж болно. Шагнал нь таны хүүхдийн дотоод сэдлийг бууруулдаг. Жаахан хүүхдүүд ч гэсэн хэрвээ нэг юм хийсний төлөө шагнах гэж байгаа бол тэр хийх гэж байгаа зүйл нь сайхан зүйл биш байх ёстой гэж боддог.
  • Шийтгэл нь үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөр
    Шийтгэл нь хүүхдэд юу хийх ёстойг биш юу хийх ёсгүйг зааж өгдөг тул ихэвчлэн жижиг асуудлыг томруулдаг. Бага насны хүүхэд шийтгүүлснээ санаж болох ч яагаад, ямар зан байдал гаргаад шийтгүүлсэн болохоо ойлгож чадахгүй байх. Шийтгэгдсэн хүүхэд эрх мэдэл, хүчгүй, доромжлогдсон, тоогдохгүй, дургүйцэл зэрэг мэдрэмжийг мэдэрнэ.
    Судалгаагаар шийтгэл нь бусдыг гомдоосон зүй бүс үйлдлийг зогсооход богино хугацаанд үр нөлөөтэй боловч хүний зан байдалд урт хугацааны нөлөө үзүүлж чаддаггүй гэдгийг тогтоосон. Хүүхдүүдийг шийтгэснээр, томчууд асуудлыг богино хугацаанд шийдэж байгаа хэдий ч хүүхэд шийтгүүлснээрээ асуудлыг урт хугацаанд хэрхэн шийдвэрлэхийг сурдаггүй.
    Сүүлийн үед "завсарлага буюу time out" гэдэг арга барилыг хүүхдийн зан байдлыг удирдахад ашигладаг болжээ. "Завсарлага" гэдэг нь хүүхэд гаргасан ааш зангаа эргэцүүлэн бодуулах, өөрийгөө хянаж сураг гээд хүчээр сандал дээр суулгах, ямар нэгэн өрөө, зайд тусгаарлан байлгахыг хэлдэг. Энэ арга барилтай холбоотой асуудал бол хүүхэд зан авирынхаа талаар бодох чадвартай байсан бол тэр үүнийг эхний ээлжинд хийхгүй байсан байх. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ‘завсарлага’ нь хүүхдэд зан авираа дотроос нь удирдаж эхлэхэд тус болохгүй.

Хүүхэддээ ухамсарлан ойлгох цаг хугацаа өг

  • Таны хүүхдэд өөрийн үйл хөдлөл нь бусдад хэрхэн нөлөөлж байгааг ухамсарлаж эхлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Тэр насан туршдаа үргэлжлэх өөрийгөө танин мэдэх аяллын эхэнд зогсож байна. Энэ үед нь та тэвчээртэй байж, хүүхдийг хэт магтах, өөлж, шүүмжлэхийн оронд өөрийнхөө зан байдлыг ухамсарлахад нь тусламж дэмжлэг үзүүлэх арга барил, хандлага гаргаваас таны хүүхэд бага багаар өөрийнхөө бодит зан байдлаа ухамсарлан ойлгож, өөртөө хяналт тавьж чаддаг болно.