2-3 насны балчир хүүхдүүдийн харилцааны талаар түгээмэл асуултууд

Хүүхдийн ярианы хөгжилд зурагт сайн уу?

Миний хүүхэд зурагт үзэх дуртай. Эхэндээ дуртай нэвтрүүлгээ өдөрт хагас цаг үзэхийг зөвшөөрдөг байсан бол одоо илүү удаан үзэхийг шаарддаг боллоо. Хүүхдээ зурагт үзэж байх хооронд надад зав чөлөө гарч, өөр ажлаа амжуулаад авдаг. Гэхдээ хүмүүс нялх балчир хүүхэд хэтэрхий их зурагт үзэж болохгүй гэдэг ч зурагтаар хэлж байгаа үг хэллэгүүд хүүхдийн хэл ярианы эергээр нөлөөлдөг байх гэж бодох юм. Энэ үнэн үү?

Үгүй, зурагт хүүхдийн хэл ярианы хөгжилд эергээр нөлөөлөхгүй. Америкийн хүүхдийн эмч нарын академи "Гурван хүртэл насны хүүхэд зурагт огт үзэж болохгүй" гэж зөвлөдөг. Зурагт бол хэл сурах хэрэгсэл биш юм. Таны хүүхдэд бусадтай тодорхой сэдвээр харилцан ярилцах хэрэгцээ маш их байдаг. Эргэн тойрны юмс үзэгдэлтэй холбоотой, түүнд хамаатай сэдвээр ярилцах тохиолдолд л зөвхөн харилцан яриа утга учиртай болно. Зурагтаар ярьж байгаа, үзүүлж байгаа зүйлийг хүүхэд үргэлж ойлгож чадахгүй. Өөрөөр хэлбэл,зурагтаар ярьж байгаа хэл яриа хэтэрхий хөндий сонсогдоно. Хүүхэд дуу чимээнд мэдрэг бөгөөд хэтэрхий их дуу чимээнээс ядардаг. Тухайн агшинд зурагтаар мэдээ гарч, АйПодоор жааз хөгжим гал тогоонд эгшиглэж, магадгүй хэн нэгний гар утас дуугарч байвал дуу чимээний хэт их ачаалалд орж магадгүй. Кино, DVD, компьютерийн дэлгэц бүгд нэг төрлийн дэлгэц учир хүүхдийг гурван нас хүртэл үзүүлж болохгүй.