18-24 сартай балчир хүүхдүүдийн харилцааны талаар түгээмэл асуултууд

Дуудлагын талаар санаа зовнисон асуудлууд

Миний хүү дөнгөж хоёр хүрч байгаа бөгөөд цаг үргэлж ярьдаг хэдий ч түүний яриаг ойлгоход хэцүү байдаг. Зөв дуудлагатай болоход нь тусалмаар байна. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй. Зөвлөгөө өгөөч

Таны хүү орчин тойрныхоо хүмүүсийн яриаг эхлээд сонсоод, дараа нь ярьж сурдаг. Тэр эхлээд таныг сонсоод, дараа нь адилхан авиа гаргахыг оролдоно. Зөв дуу авиа гаргаж, аажимдаа ярьж сурах нь уруул, хэл, хоолойгоо хөдөлгөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд энэ бүх чадварыг эзэмшихэд тодорхой хугацаа орно. Хүүдээ туслах цорын ганц арга бол та түүнтэй зөв тод ярьж, түүнд өөрөө дадлага хийх боломж ихийг олгох явдал юм. Хүүхдийнхээ хэлж байгаа зүйлийг тэр даруйд нь засахыг бүү оролд. Учир нь хүүхэд бэлэн болтлоо зөв дуудаж, үг хэлэх боломжгүй учир түүний оролдлого бүрийг засах нь өөрийгөө ойлгуулах гэсэн итгэлийг нь мохооно. Үүний оронд түүнтэй зүгээр л харилцан ярилцаж, ярьж байгаа зүйлийг нь анхааралтай сонсоход л болно. Бусдыг нь цаг хугацаанд даатга.

Санал болгох номнууд

18 сартай хүүхдэд ямар төрлийн ном тохиромжтой вэ? Хүүхдийн номын дэлгүүрт дэндүү олон сонголт байдаг учраас ямар ном сонгохоо сайн мэдэхгүй байна.

Ой хагастай хүүхдийн хэл ярианы хөгжилд хамгийн чухал зүйл бол орчин тойронд байгаа бүх эд юмсын нэрийг мэддэг байх явдал юм. Энэ насан дээрээ хүүхэд шинэ үгийг сурах эрмэлзлээр дүүрэн байдаг учир ном бол үгсийн санг баяжуулахад маш үр дүнтэй эх сурвалж юм. Хүүхдийн урьд өмнө олж авсан мэдлэг, туршлагатай холбоотой энгийн түүхийг өгүүлсэн номнуудыг сонго. Үүнд, дэлгүүр эсвэл цэцэрлэгт хүрээлэн орох, автобус, галт тэргээр явах, голын эрэг, амьтны хүрээлэн, хувцаслах тухай өгүүлэмжтэй номнууд байж болно. Нэгэнт танил учир хүүхэд амархан ойлгоно. Эдгээр номнууд хүүхдэд өөрийнхөө амьдралыг ойлгох, шинэ үг сурахад тусална. Уран зөгнөлийн ном энэ насны хүүхдэд огт тохиромжгүй, учир нь тэд бодит амьдрал, уран зөгнөлийг хараахан ялгаж мэдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, уран зөгнөлийн ном бодит амьдралын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн оронд толгойг нь бүр эргүүлнэ.